Баг зүүсэн харгислал

Хүний амьдралын түүхүүд миний сонирхлыг их татдаг юм. Хаана, хэнтэй, хэрхэн уулзаж, юу өмсч, эдэлж, яаж амьдарч байгаа тухай. Эндээс тэд хэн болон төлөвшсөн гэх мэт амьдралын дүр зургийг нь тольдох дуртай. Бусдад таалагдах гэж үхэн хатан хичээсээр насыг барах хүн байна. Яг л тэдэнд зориулагдсан хүүхэлдэй мэт амьдралаар амьдарна. 
Хоосон хэрнээ чамирхах хүсэлтэй хэлбэрдэгчид ч бас таарна. Бусдаас өөрөөр сэтгэхийн тулд их мэдэгч, амбицтай хүмүүсийн нөлөөнд автах дуртай хүмүүс гээд л амьдралд олон дүр зурагтай хүмүүс тааралдана.
Миний дутагдалтай ч юм уу, авууштай чанар нь тэдний сөрөг талыг нь түрүүлж хараад байдагтай холбоотой юм. Хамгийн гол нь би хүнээс шударга байхыг л хүсдэг.
Чимхлүүр ажил бүрт гараа гаргаж, идэвхийлэн ажиллаж байгаа ажилтнаа хумхын тоос шиг л арчин, үнэлэмжийг нь бууруулах удирдлага нэр зүүсэн хүн. Түүнийг буруутгах олон шалтгаан бий. 
Хүсч байгаа зүйлээ авч чадахгүй гэдгээ мэдсний дараа би энэ компанид бүхэл бүтэн 4 жилийг назгайралт, залхуурал, урам зориггүй урагшилт, гэр бүлийн харилцаагүй, найз нөхдийн ямар ч хүрээлэлгүйгээр умгар өрөөнд ялзарч суугаагаа мэдлээ. 
Би өнгөрсөн 4 жилд карьер болон ур чадвараа өөр компанид хөгжүүлж чадах байсан уу гэж өөртөө өдөр болгон асуулт тавьж байна. Мэдээж чадах байсан. Эхний нэг жил бичих чадвараа сайжруулахын тулд өдөр тутмын сонинд ажиллаж болох байсан. Дараагийн жилд нь гадаадын хөрөнгө оруулалттай том компанийг түшиглэж бас л болох байсан. Боловсролдоо ч хөрөнгө оруулалт хийж сурч болох байсан. Бүх л боломж миний өмнүүр зүгээр л хийсээд одчихож. 

Сэтгүүл хэвлэлтэнд явах хугацаа ойртоход зайлшгүй ажил дээр ирж, оройны 12 цаг хүртэл сууна. Өөрийнхөө таксины мөнгөөр... Миний буруугаас л болж, сэтгүүл хоцорч байгаа мэт сэтгэгдэл төрнө. Хариуцах булан, хийх ажил мундахгүй их. Ингэж явсаар өөрийгөө ч үл хайхран ажиллаж. 

Энэ алдсан цаг хугацааг хэрхэн нөхөх талаар би эргэцүүлэн бодож сууна. 

Popular Posts