Миний Мөрөөдөл, Монголын ирээдүй


    Манай захирал намайг дуудан дараалал гаргасан нэвтрүүлгийн зохиол дээр ажиллах санал тавьлаа. Энэ нь “Миний мөрөөдөл Монголын ирээдүй” эссэ бичлэгийн уралдааны нэвтрүүлэг байв. Надад хугацаа маш бага байсан учир хурдан бичих шаардлагатай болсон юм. Үүнийг бичиж байхдаа мөрөөдөл хэмээх гайхалтай үгний талаархи учир утгыг бодож, омогшил, дэврэнгүй сэтгэлээр урлан, амжилт өөд тэмүүлж буй залуу хүнийг дотроо төсөөлж бичиж билээ. Тэр л өөдрөг бадрангуй сэтгэлээрээ нэвтрүүлгийн текстыг уншиж, хоолойгоо бичүүлж билээ. Хожим нь нэвтрүүлгийг үзэж байх нь Х.Тэмүүжин, Л.Гантөмөр, Г.Оюунгэрэл гээд бүгд л сайдын албан тушаалд суужээ. Саяхан мэт санагдах энэ нэвтрүүлгийг үзээд өөрийн мөрөөдлийн талаархи бодлоо бичмээр санагдлаа. Хамгийн анх загвар өмсөгч, фото моделийн салбарт амжилт гаргаж, бусдад өөрийн чадвараа харуулах юмсаан гэж мөрөөддөг байлаа. Орой орондоо ороод хэвтэх бүртээ тэр бүхнийг төсөөлж, хэзээ нэгэн цагт энэ бүхэн биелэлээ олох болно гэдэгт маш ихээр итгэдэг байв. 
Нэг л өдөр би мөрөөдлөө биелэл болгож, Face Model тэмцээний шилдэг 5-т үлдэж чадсан амжилттай. Яагаад гэвэл надад үүнийг хийж чадна гэсэн итгэл, бүхнийг даван туулах хүч хөдөлмөр, цаг хугацаа энэ л тэмцээнд зориулагдаж, мөрөөдлийнхөө нэгээхэн хэсгийг бий болгож чадлаа. Хүн цаг хугацаа өнгөрч, ухаан суух тусам өөрийн мөрөөдлөө өргөжүүлж, өөрчилж байдаг юм байна. Харин одоо би энэ бүхнээс илүүтэйгээр ээжийгээ хайрлах сэтгэлээр хамгийн ихээр тэр хүнийг баярлуулахыг хүсч, зорьж, тэмүүлж байна. 2013 оны босгон дээр муу бүхнийг ардаа орхиж, хүн бүхэн мөрөөдлөө биелэл болгож, зорилгодоо хүрэхийг хүсэн ерөөе. 
  
Хүн мөрөөдөхөө зогсвол амьдрал нь ч бас зогсдог. Яагаад гэвэл МӨРӨӨДӨЛ гэх энэхүү эрхэм үгний цаана  улс эх орны сайн сайхан ирээдүй, хөгжил дэвшил  нуугдаж байдаг. Тиймээс залуус бид гэлтгүй та ч бас зогсолтгүй Мөрөөдөж, Мөрөөдлөө олж, Мөрөөдөл рүүгээ тэмүүлж явахыг хүсье.

 


Popular Posts