Монголоо эрсэн Өвөрмонголчууд

     Таван жилийн өмнө хоёр хилийн хооронд бөөн түгжрэл болж, бараагаа татах гэсэн хүмүүс хүйтнийг үл ажран зогсоцгоодог байлаа. Хилээс хилийн хооронд оочерлох хүмүүсийн тоо цөөрсөн нь эдийн засгийн хямралтай ч холбох шиг...

Монгол үндэстэн гэдгээрээ бахархаж, тал нутгаасаа ердөө динозаврын чөмөг олохдоо эрт галавын амьтдыг бахархалтайгаар сүндэрлүүлсэн Өвөрмонгол, Замын-Үүд хоёрын хооронд хөгжлийн асар их ялгаа бий. Залгидагийн гэрт хоолгүй, залхуугийн гадаа түлээгүй гэдэг шиг наад захын хөгжлийн ялгаа засмал замаас нь л харагдана. "Бээжин хотод цас их орсон. Зам их хальтиргаатай байна гэнэ шүү. Автобус явж дийлэхгүй ээ. Машинаар л хүчирнэ шүү" гэх жолооч залууг Уул гэдэг. Бүлтгэр нүд, бор царай, намхан бие нь түүнийг Монгол гэж огтхон ч харагдуулахгүй. Түүнтэй Хятадаар ярьвал ихэд ундууцаж, "Би Монгол хүн шүү" гэж бухимдангуй хэлнэ. Өвөрмонголчууд Хятад төрхтэй болсон дүр зураг энэ болой.



Өвөрмонголын Шилийн гол аймгийн Үзэмчин хошууны уугуул, гэрэл зурагчин Аяны бүтээлээс


Сайхан. 2007, 2010 он
Замбага. 2006, 2008 он

         Шилийн Богд, Олон Булгийн талаар өнгөрч байхад сэтгэлд ойрхон "Чонон сүлд" зохиол санаанд буув. Монголчуудыг ойлгох гэж хичээн, тэдний түүх соёл, ард түмний амьдралыг судалж буй Чэнь Жэнь, Билигт өвгөн гээд л тэдгээр дүр зураг нүднээ тодхон харагдав.


Тал нутагтаа эрх дураараа мал сүргээ хариулаад аж төрж байсан ард түмэн нэг л өглөө сэрэхдээ БНХАУ-ын харъяанд орсноо мэдсэн гэдэг. Хоёр улсын хооронд хийсэн хэлэлцээрийн золиос болсон хүмүүс. Тэдний ч буруу гэж юу байхав.

Харин газар нутгийг нь Хятадууд булаан эзэлж буйг эсэргүүцсэн Өвөрмонголчуудын бослогын үеэр 22 хүний Хятадын хууль сахиулагчид баривчлан хорьсон байна. Өвөрмонголын Тунляо хотын Түлээ сууринд эл үйл явдал болжээ. 24 сая хүн амтай Өвөрмонголын уугуул оршин суугчдын 20 хүрэхгүй хувь нь үндэстний цөөнх аж. Байгалийн баялаг ихтэй Өвөрмонголд 1978 оноос Хятадын компаниуд уул уурхайн хайгуул, олборлолт явуулах болсноос бэлчээр нутаг ихээр сүйтгэгдэж, цөлжилт нэмэгдэх болсон гэнэ. Нөгөө талаар Өвөрмонголчуудын нүүдлийн уламжлалт соёлыг өөрчилж, суурин иргэншилд дасгах Хятадын эрх баригчдын бодлогыг эсэргүүцсэн бослого хөдөлгөөн тасрахаа больжээ. Өнгөрсөн онд бэлчээрээ тахлуулахгүй гэж эсэргүүцсэн өвөрмонгол малчныг хятад жолооч машинаар дайрч хөнөөсөн хэрэг хүртэл гарсан юм билээ.

Энэ бол одоогоос 3 жилийн өмнө нийтлэгдсэн мэдээлэл. Тэдний тэмцэл дахин сэдэрсэн тухай Уулаас асуухад "бослого дахин гараагүй" гэсэн юм. 

Пүүз, жинсэн өмдтэй би гэдэг хүн бушуухан л дулаан машинд суухыг бодном. "Нэг хүн олоод л бушуу хөдөллөө шүү" гэж жолооч хэлсээр бидний цаг гаруй хүлээлгэв. 

Эрээнээс Бээжин хүртэл бараг л 700 км зам туулна. Хэсэг цонхоор харж орчныг ажиглана, ном уншиж, хөгжим сонсож, урт замыг өнгөрөөнө. Бидэнтэй нэг машинд суусан залууг Батаа гэх бөгөөд үнэт чулууны бизнес эрхлээд багагүй хугацаа өнгөрсөн гэнэ. Гартаа жижигхэн савхин хар цүнх барьж, харилцагчтайгаа Оросоор ярих Батаа үзэл бодол, амьдралаа хүүрнэн өгүүлэх шиг л болов. Ямар ч байсан түүнтэй явахад огтхон ч уйдаагүй л юм. 

Тэд машиндаа хэзээ ч өвлийн дугуй хийдэггүй бөгөөд цастай замаар болгоомжтой нь аргагүй урагшилна. Хурдны замыг нь хүртэл хаасныг бодоход урд хожид болж байгаагүй хүйтэн өвөл энд айлчлан иржээ. 



Тяньаньмэнийн талбай:
Энэ талбайн тухай ээжээсээ сонсож байсан нь 1989 оны 4-р сараас эхлэн мянга мянган хятад оюутнууд эрх баригчиддаа эрх чөлөөт ардчилсан тогтолцоо руу шилжихийг шаардаж, 5-р сарын дунд үед Бээжингийн төв талбайд өлсгөлөн зарласан гэдэг. Харин Хятадын эрх баригчид хариуд нь байлдааны онцгой байдал зарлан, танк, цэргүүд Тяньаньмэнийн талбай дээр гарч ирэн ард түмнийг хайр найргүй хядаж, тахир дутуу, бие сэтгэлийн шархтай хоцроосон билээ.
Маргааш өглөө нь энэ талбайг дусал ч цусны мөргүйгээр цэвэрлэсэн байсан гэдэг.


Талбайн дотор хэсэг
Хүйтнийг үл ажран алхахдаа хооллохоор ресторанд оров. Эндээс л халуун ногоотой хоолыг хайр найргүй идэж явлаа шд.


Энэ орчин надад маш их таалагдсан. Модны хэлбэр дүрс, Хятад байшингууд гээд л...

       Анх удаа Бээжинд хөл тавихад тийм ч таатай сайхан цаг агаартайгаар угтаж авсангүй. Хяруу унаж, хүйтэн салхи сэвэлсэн өдөр байлаа. Гэхдээ л орчныг мэдэрч, ард түмний амьдралын аж төрөх байдал, худалдаа наймааг нүдээр үзнэ гэдэг сайхан. Чихээр сонсох, нүдээр харах ямар ялгаатай болохыг биеэр мэдэрсээр Сингапурыг зорихоор онгоцны буудал оров. 
0 градусаас +32 градусын халуун орон руу үсрэлт хийх нээ. Урагшаа...







Popular Posts