Холын аянд мордсон нь


"Улаанбаатар хотоос Замын-үүдийн чиглэлд явах галт тэрэг хөдлөхөд бэлэн боллоо" гэх энэ танил дуун хэдийн миний чихэнд дасал болсон. Захиалгын сонин авах гэж вокзал орохдоо яарч догдолсоор цүнх чемонданаа чирэх хүмүүсийн харцтай тулгардаг байлаа. Хэзээ нэгэн цагт би ч мөн адил эд нар шиг холоо явна даа гэж боддог байв. Хилийн дээс алхах мөрөөдөл биеллээ олж, 5000 км замын холын аянд мордсон минь энэ. Галт тэргэнд юу болохов, хөзөр тоглоно, идэж ууна. Уусан нэг нь агсрах гэж хөөрцөглөнө. 
Жинхэнэ Монгол эмэгтэй гэмээр намирсан урт хар гэзэгтэй ахимаг насны эгч хэлц үг тэмдэглэдэг өврийн дэвтрээ бидэнд сонирхууллаа. 
Эрээн хотоос бараагаа цуглуулах гэж яваа бололтой ахимаг насны эгч хямрал нүүрлээд худалдан авалт буурсан гэж шагширна. 2017 үүнээс ч илүү аюул нүүрлэнэ. Тэсэж гарах эсэхийг хэн мэдлээ л гэцгээнэ. 
Хорин жилийн өмнөх галт тэрэг ямар байсан, тэр л хэвээр, өнөөх л хурдны хэмнэлээр урагшилсаар... Хятадтай холбосон вагон зам тавина, тавихгүй гэж маргалдаж, мэтгэлцсээр л... Харин урд, хойд хөршүүд социализмын үеэ аль хэдийн ардаа орхиж, шинэ технологи нэвтрүүлсээр... 

Замын-Үүдэд ирсэн зорчигчдыг тосон авч "Хил гаргана", "Одоо нэг хүн аваад шууд гарлаа" гэж шаагилдана. Зуны кэт, савхин хүрэм өмссөн биднийг харсан хүмүүс халуун орныг зорих гэж байгаа гэдгийг гадарлаж ч байгаа юм уу үгүй юм уу бүү мэд. Ямар ч байсан дээрээс доошоо их чухал харцаар харна. Овон товон болсон хуучирсан зам, эл хуль оргих хэдэн барилгатай Замын-Үүдэд Хятадын хил гаргаж, амьжиргаагаа залгуулдаг хүмүүс олон. УАЗ 69 тэдний амьжиргаагаа залгуулдаг ганц унаа. Урт дараалал үүсгэн оочерлох УАЗ 69 машин үнийн хувьд хямдхан болохоор наймаачид хүйтнийг үл ажран тэсвэрээ тэвчээрээ шалган хөлдөөгчинд сууна. Бушуухан л хөдлөөсөй билээ, хөлдөж үхэх нь гэж амандаа бувтнацгаана. Монголчуудын үйлчилгээний соёл гэж энэ дээ. Тал бүр нь задгай хэзээ мөдгүй эвдрэх гэж байгаа унаанд хямд үнийг нь бодоод л суудаг байх даа. 
 Монголоос өөр ертөнцтэй танилцахаар хүслээ даган, хүйтнийг үл ажран урагшилсаар... Цааш явбал намайг ямар адал явдал хүлээж байгаа бол?

Popular Posts