1960-аад оны домог Твигги



Твигги магадгүй хамгийн намхан загвар өмсөгч байх.
Гэхдээ тэр хамгийн өндөр амжилтанд хүрсэн супер модель юм.

            Том нүд, дэрвэгэр  урт сормуус, богино үсний засалт, хэтэрхий туранхай биетэй түүнийг загварын ертөнц тийм ч уриалгахан хүлээж аваагүй. Загварын хүрээнийнхэн түүнийг манин төрхтэй хэмээн халгаагаагүй гэдэг. Гэвч 17 настай мөнөөх л богино үс засалт, урт дэрвэгэр сормуус, хэтэрхий туранхай чигээрээ “Vogue сэтгүүлийн нүүр хуудсанд зургаа гаргуулахад хэн ч түүнийг гоочлоогүйгээр үл барам 1960-аад оны залуусын үлгэр дууриалал, бэлэг тэмдэг хэмээн нэрлэж байв. Бусдад таалагдахын тулд өөрийгөө өөрлөлгүй, харин ч байгаа чигээрээ бусдад өөрийгөө харуулахыг зорьсон Твиггийн амжилтын гараа ийн эхэлжээ.
            1966 онд буюу 17 настай Твигги Английн загварын тайзнаас АНУ, Франц руу “үсэрсэн” бөгөөд энэ үед түүний алдар суу дэлхий даяар түгсэн байлаа. “Daily Express сэтгүүл түүнийг “1966 оны имиж” хэмээн зарласан бөгөөд тэр жилдээ “Их Британийн онцлох эмэгтэй”-гээр нэрлэгджээ.
“Хэрвээ би төгс галбиртай, өндөр биетэй байсан бол өнөөгийн амжилтнадаас холын хол байх байсан”

Угийн уйдамхай, өвөрмөц зан араншинтай  Лесли Хорнби /Твигги/ оддын үсчин Леонардад хачин жигтэй даалгавар өгөв. Тэрбээр үснийхээ уугуул хүрэн өнгийг шаргал өнгөтэй болгож, эрэгтэй хүүхдийнх шиг богино засалт хийлгэжээ. 

Энэ төрх нь үнэхээр өвөрмөц харагдсан тул гэрэл зурагчин Барри Лэйтген Твиггийн зургийг санамсаргүй байдлаар дарчихаж. Барри үүнийгээ мөн л санамсаргүй тохиолоор “Daily Express”-ын загварын сэтгүүлч Дэйрдри Макшеррид үзүүлтэл “Энэ бяцхан, “гажиг” хатагтайг уулзуулж өгөөч” хэмээн хүсэлт тавьжээ. МакШерри сэтгүүлийнхээ шинэхэн дугаарт зориулж Твиггийн зургийг студид авав. “Daily Express” сэтгүүлийн 1966 оны хоёрдугаар сарын 23-ны дугаарын нүүрэнд хэний ч танихгүй охины зураг хэвлэгдлээ. “1966 оны имиж” гэсэн гарчгийн дор “Тэр ердөө 16 настай...” гэхээс өөр тайлбар сэлт ч байсангүй. Энэ хачин шийдэл итгэмээргүй үр дүнд хүрч, Леонардын үсчний газрын үүдэнд зуу зуун охид “1966 оны имиж”-ээр засуулахаар дугаарлан зогсчээ. Твигги томоохон дуулианы эзэн болж чадсан. Гэвч карьераа цааш өсгөхийн өмнө түүнд хэд хэдэн бэрхшээл тулгарчээ.
            Нэгд, тэр хэтэрхий туранхай /51 кг/. Хоёрт, 168 метрийн өндөртэй охин загвар өмсөгч байх боломжгүй. Гэснээс, байх боломжгүй гэдэг нь тийм зүйл хэзээ ч болохгүй гэсэн үг биш ажээ.
Үнэхээр ч байж боломгүй зүйл болж, Твигги ямар ч өндөр модель охидын хүрч чадаагүй, огт алхаж зүрхлээгүй урт холын аянд гарахаар зориг шулуудав.
Түүний үсчин найз залуу Найжил Дэйвис менежирээр нь ажиллаж, Лесли Хорнби өөрийн нэрийг Твигги болгож солив. Түүнийг багад нь туранхай биенээс нь болж мөчир /twig/ хэмээн хочилдог байснаас санаа авсан нь энэ. Тэрээр ганцхан жилийн дотор бүхий л алдартай загварын сэтгүүлийн нүүрэнд гарч, цагийн 80 еврогийн цалинтай болж, ёстой л нэг гараад өгч. 1960-аад оны үеийн загварын шүүмжлэгчид түүнийг “шуурга” хэмээн нэрийдэж байв. 1967 оны гуравдугаар сард Твигги Нью-Йоркийн Кеннэди нисэх онгоцны буудалд буулаа.
Жирийн л англи охин Нью-Йоркт ирэхэд “The New Yorker, Life Newsweek” сэтгүүлүүд гоц үзэгдэл болсон мэт шуугиж, “The New Yorker л гэхэд түүний намтар, карьер болон гэрэл зургуудыг багтаасан 100 хуудас материал нийтэлсэн байв.
 
Тэр жилдээ Твигги Парис “Vogue”-ийн тавдугаар сар, Америк “Vogue-ийн дөрөв, долоо, арваннэгдүгээр сар, Британи “Vogue-ийн аравдугаар сарын дугаарын нүүр хуудсыг чимжээ. Энэ бол өмнө нь болоод хожим давтагдаагүй, магадгүй дахин давтагдахгүй амжилт байлаа.
Гэвч Твиггийн богино хугацааны супер амжилтанд алга таших нэгэн байхад эсрэгээр шүүмжлэх тохиолдлууд ч мэр сэр гарч байсан. Жишээ нь, “Daily mail-ийн загварын сурвалжлагч Сью Дэйлглэйш
“Түүний эрүүл бус, хэт туранхай бие загвар өмсөгчийнх огтоос биш” хэмээн бичжээ. Тэрбээр цааш нь “Түүний хөвгүүн мэт төрх 14-15 настай хүүхдүүдийн л шүтээн болохоос хэтрэхгүй. Яг үнэндээ тэр болхи, өрөвдмөөр, нялх харагддаг” гэжээ. “Leeds эмэгтэйчүүдийн дэлгүүрийн захирал Марк Коэн “Түүний хөл яг л хос өт мэт харагддаг” хэмээн доромжилжээ.
            Түүнтэй нэгэн цагт хамтарч байсан “Vogue сэтгүүлийн Диана Врийлэнд “Тэр гялалзсан од болж чадахгүй. Намхан биетэй энэ охины амжилт бие шигээ богино хугацааны дараа л мартагдана” гэв. Эхэндээ тэр энэ мэт дайралтанд эмзэглэн, хариу мэдэгдлүүд хийдэг байжээ. Тэрбээр нэг удаа “Би хэтэрхий туранхай нь үнэн. Гэхдээ энэ бол миний хүссэн жингийн хэмжээ, би үүнийгээ хадгалахын тулд зохистойгоор хооллодог. Тэглээ ч энэ бол бусдаас ялгарах онцлог тал” хэмээж байлаа. Харин энэ тайлбарын дараа түүний биеийн жин болоод өндөртэй холбоотой элдэв дайралт зогссон юм.
            Дэлхийн загварын ертөнцөд дөрвөн жил шуурга тавьсныхаа дараа 1970 онд тэрбээр “Би хувцасны өлгүүр байхаас залхлаа” хэмээгээд карьертаа цэг тавьж буйгаа зарлав. Үүнээс хойш түүний дуучин, жүжигчний замнал эхэлжээ.
Тэрбээр 1971 онд “Найз залуу” киноны гол дүрд тоглож, тухайн жилдээ “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолоос “Шилдэг шинэ жүжигчин”, “Мюзикл болон инээдмийн киноны шилдэг эмэгтэй жүжигчин” шагнал гардсан. 1976 онд Твигги алдарт “The Muppet show-ны үеэр “Битлз”-ийн “In My way дууг дуулж шуугиан тарилаа.
            Тэр жилдээ тэрбээр “Mercury студитэй гэрээ байгуулж, “UK Chart”-ыг тэргүүлсэн “Twiggy”, “Please get my name right нэртэй хоёр ч цомог гаргаж амжжээ. Одоогоор тэрээр 18 киноны гол болон туслах дүр бүтээж, 10 томоохон жүжиг болон мюзикл, 19 телевизийн цувралд тоглож, 10 гаруй ном бичээд байна. Твигги 2005 онд загварын ертөнцөд эргэн ирж, “Америкийн шинэ топ модель” шоуны шүүгчээр гурван жил ажиллажээ.
Төгс хүн гэж энэ хорвоод байдаггүй. Өөрийн биеийн хэт туранхай байдлыг асуудал хэмээн үзэлгүй, загварын ертөнцөд шинэлэг содон имижийг бүрдүүлж, мянга мянган охидын үлгэр дууриалал болсон Твиггээс 21-р зууны эмэгтэйчүүд ч гэсэн түүнээс суралцсаар....

Эх сурвалж "Өнөөдөр" сонин


Popular Posts